Манай үйл ажиллагаа Эрдэнэт хотод төвлөрдөг бөгөөд Эрдэнэт-д Азийн хамгийн том зэс, молибдены хүдэр олборлон баяжуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь оршдог. Уурхайг анх 1963 онд нээж, 1978 онд албан ёсоор ашиглалтад оруулсан бөгөөд жил бүр 39.6 сая тонн хүдэр олборлодог. Эрдэнэт үйлдвэр нь жилд 37.2 сая тонн хүдэр боловсруулж, 26 сая тонн зэс, молибдений баяжмал үйлдвэрлэдэг. Мөн зэсийн хүдэр бутлах ган бөмбөлөгт тээрэм, тэсрэх бодис олборлох дагалдах үйлдвэрүүдийг ажиллуулдаг. Түүнчлэн энэ хотод уул уурхай, ашигт малтмалын баяжуулалтын үндсэн үйл ажиллагаанаас гадна хүчирхэг дулааны цахилгаан станц, өнгөт металл, хүнс, мод боловсруулах, хивс зэрэг хөнгөн үйлдвэрүүд зэрэг хүчирхэг дэд бүтэц ажиллаж байна.
Эрдэнэтээс үндэс суурьтай, уурхайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг компани болохын хувьд бид нийгмийн болон байгаль орчны хариуцлагаа ухамсарладаг. Иймд бид бүс нутгийн байгаль орчны нөхөн сэргээлт, хамгаалалтад чухал үүрэг гүйцэтгэж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах, уурхайн сөрөг нөлөөг багасгах, илүү ногоон ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулж байна.
Бид ойн нөхөн сэргээлт болон шинээр ойжуулах үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг арилгах, бууруулах шилдэг шийдэл гэдэгт итгэл үнэмшилтэй байдаг. Тиймээс бид энэхүү байгаль орчинд түшиглэсэн шийдлүүдийн хэрэгжилтэд өндөр ач холбогдол өгдөг.
Учир нь ой мод бүхий талбай багасах эсвэл бүрмөсөн устсанаар ойн хомсдол, доройтол үүсэж экологийн тэнцвэр алдагдан ойн нүүрстөрөгчийн давхар ислийг (CO2) шингээх чадвар буурч зэрлэг ан амьтдын амьдрах орчин сүйдэж, хөрсөн бүрхэвч доройтон бүс нутгууд үерт автах эрсдэлийг бий болгодог. Эдгээрээс урьдчилан сэргийлэхэд ойжуулалт нь чухал үүрэгтэй.
Мөн ойжуулалт нь эрчимжсэн газар тариалангийн үр дүнд үржил шимт газрыг цөл болж хувирахаас мөн ган гачиг тохиолдохоос хамгаалж сэргийлдэг. Арилжааны ойчид болон газар эзэмшигчдийн хувьд ойжуулалт болон ойн нөхөн сэргээлт нь модон эдлэл, бүтээгдэхүүн боловсруулах зориулалтаар мод ургуулж, эрэлт хэрэгцээг тогтвортой хангахад зайлшгүй шаардлагатай.